Буряад арадай түүхэһээ

Миний аав Цэвэгжавын Хасбаатар

13 декабря 2020

2905

Монгол хүн болгон сэтгэлдээ нэг уул, нэг устай явдаг билээ. Миний аавын уул нь Богд Дүнжингарав, ус гол нь Хатан Туул аа.

Миний аав Цэвэгжавын Хасбаатар
Миний аав шинэ Монголын сэхээтнийг бэлдэх үйлсэд гар бие оролцож явсан багш, соён гэгээрүүлэгч Цэрэндоржийн Цэвэгжавын гэрт 1930 оны долдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод мэндэлсэн билээ. Ээж нь Базарсадын Карма. Бас л боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж явсан хүн. Аав дээрээ эгчтэй, ахтай, бас нэг эгчтэй. Том эгч нь хүний их эмч, Анагаах ухааны дээд сургуулийн багш Ц.Ишханд, ах нь түүхч, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан Ц.Пунцагноров, бага эгч нь УБДС-ийн багш, математикийн ухааны дэд эрдэмтэн Ц.Эрдэнэчимэг

Аав сайхан гэр бүлд өсч торниж байжээ. Цэвэгжав өвөөгийнх урьд нь намын дээд сургууль гэж байсан одоогийн Удирдлагын институт байгаа тэр газар үлгэр жишээ бага сургуулийнхаа дэргэд жижигхэн цагаан байшинд суудаг байжээ. Хүүхдүүд нь сургуулийн сурагчидтай бужигналдан тоглож, өвөө эмээ хоёрын уншин ярьж өгдөг номын үйл явдлыг шимтэн сонсч, заримдаа өдөрлөг үдэшлэгт нь оролцон олны өмнө шүлэг зохиол хүртэл уншдаг байсан гэдэг. «Би нэг туранхай пидэн хар юм гүйж явдаг байсан юм» гэж аав минь ярьж байдагсан. Өвөө түмэн бодисын хичээл заадаг, үзүүлэнгээ ихэнхийг нь өөрөө хийдэг, гэрийнхээ гадаа тахиа, туулай, бүр нэг өнчин янзага хүртэл тэжээдэг байсан гэдэг. Хэн ч яваад орсон халуун дулаан элэг бүтэн өнөр өтгөн сайхан айл байжээ. Энэ тухай Ч.Чимид гуайн «Магеллан хаагуур гарав?» гэдэг дурсамж туужид бишгүй сайхан өгүүлсэн байдаг билээ.


1937 оны есдүгээр сард шөнө дөлөөр тэдний хаалгыг учиргүй чанга балбаж дотоод яамны хэдэн хүн орж ирээд аавын аавыг баривчилж, ажлынх нь өрөөг «Казбек» тамхины хайрцаг урж наан битүүмжлээд явжээ. Эмээ маань саван, оо сойзхоныг нь жижигхэн вааданд боож нөхөртөө өгөөд айж бүлтгэнэсэн хэдэн хүүхэдтэйгээ ард нь хоцорсон тэр цагаас хойш өвөөгийн барааг хараагүй гэдэг билээ. Олон жил өнгөрсний хойно дуулдах нь баривчлагдаад ердөө ганц сарын дараа эсэргүү хэмээн хороогдсон гэх, тэхдээ хороогдсон газар нь ч тодорхой биш, зарим нь Шар хадны хавьцаа гээд, зарим нь Сонгино хайрханы ард гэлцэж байжээ. Аав болохоор Сонгино хайрханы ард зохиолч Ядамсүрэн нарын хамт буудуулсан байх гэдэг байв. «Хамгийн их аймшигтай юм үзсэн өвөөгийнх нь нэрийг мөнхөлж манайхан Цэвэгжав гэдэг овог авъя» гэж аав хэлсэн бөгөөд тийнхүү хэлснээр нь болсон билээ.


Карма эмээ баривчлагдсан эр нөхрөө өмгөөлөн хөөцөлдөснийхөө төлөө намаасаа хөөгджээ. Гэсэн ч эмээ маань хүүхдүүддээ хар бага байхаас нь: «Энэ цагийн хатуу ширүүнийг өшрөлөөр биш өршөөлөөр хариулаарай. Улс орондоо үнэн сэтгэлээсээ зүтгээрэй» гэж ямагт захидаг байж билээ" гэж аав бидэнд ярьдаг байв.

Эсэргүү гэгдээд баривчлагдсан хүний ар гэрийг ямаршуухан амьдрал хүлээж байсан нь тодорхой. Карма эмээ маань дөрвөн хүүхэдтэйгээ айлын хашаанд бор гэрт толгой хоргодож, эмнэлэгт сувилагчаар ажиллан хоёр хүү, хоёр охиноо эрдэм номтой хүн болгох гэж биегүй болтлоо зүтгэжээ. Ар гэрийнх нь ажилд өвөөгийн ээж миний элэнц эмээ Должин их тус нэмэр болсон гэдэг. Аав үлгэр жишээ нэгдүгээр дунд сургуульд оржээ.«Шугам жагсаал хийж байхад багш „Эсэргүүний хүүхдүүд урагшаа нэг алхаад“ гэж командлаад намайг бас өөр хэдэн хүүхдүүдийн хамт толгойгоо гудайлган жагсаалаас гарч ирэхэд танхимаас хөөж гаргаж байсан тэр үед мөн ч аягүй байдаг байж билээ» гэж аав минь ярьдаг байв.

Он жил өнгөрч аавын эгч Ишханд Монгол улсын их сургуулийн хүн эмнэлэгийн ангид орж онц сурч, ах Пунцагноров нь Москвагийн М.Ломоносовын нэрэмжит Их сургуулийн түүхийн ангид, бага эгч Эрдэнчимэг нь Багшийн дээд сургуульд оржээ.

«Ээж бид нар ахыг /Пунцагноров/ хойшоо сургуульд явахад нь доод нисэхээс задгай суудалтай онгоцонд суулгаад хот руу буцаж явсан юм. Тэгсэн замд олон хоногийн аянд ядарч зүдэрсэн янзтай тэмээ мал хөтлөсөн хөдсөн дээлтэй хүрлийсэн хар бор царайтай хэдэн хүн явж байж билээ. Тэгэхэд ээж маань тэднийг хараад:

„Муу хүү минь энэ улсын л буянаар сургуульд сурахаар явлаа даа“ гэж хэлж байсансан» гэж аав ярьж байдаг билээ. 
Удалгүй аав ч дунд сургуулиа онцсайн дүнтэй төгсөөд Москвагийн Хэвлэлийн дээд сургуульд сурахаар алсын замд морджээ. Тэр үед аавтай хамт «хойшоо» сургуульд явсан Монгол Улсын Ардын жүжигчин дуучин Хайдав гуай дурсан ярихдаа: «Ишшь, бид хоёр мөн ч их зовсон юм шүү дээ. 1948 оны наймдугаар сард Улаанбаатараас машинаар гараад замдаа Тужийн нарсанд хоноод Сүхбаатарт очиж байлаа. Тэндээсээ ачаа бараагаа морин тэргэнд ачаад өөрсдөө араас нь явган явж Наушки хүрсэн. Очоод бясаа, нохой бөөсөнд бариулаад... Тэгээд тэнд нэг юм галт тэргэнд сууж байгаа юм. Дайны дараахан болохоор вагонд нь дан тахир дутуу хүмүүс... 14 хоног явж байж Москвад ирдэг байлаа шүү. Их хэцүү байсан... гээд хөмсөг атируулж байв. 

Ээж ах эгч нарынхаа халамжинд байсан айлын отгон хүү аав маань тарчигхан амьдралтай хүний газар очоод эхэн үедээ бишгүй зовсон байх даа гэж одоо надад бодогддог юм аа. „Стромынка гудамжны оюутны байранд нэг өрөөнд долуул наймуулаа, зарим нь авгайтайгаа, орныхоо наагуур хөшиг татсан байдаг байсан. Ихэнх оюутан нь дайнаас ирсэн. Шархтай нэг нь тэтгэмж авах гээд шархаа зориуд эдгээдэггүй, хамрандаа шархтай нэг найз маань яр шархан дээрээ цаас наагаад явж байдагсан“ гэж аав ярьдаг байв. Өрөө нь шөнөжин гэрэлтэй байх тул аав унтахдаа нүдээ халимагаараа хаагаад хэвтдэг байжээ. Тэгэхэд нь өрөөнийх нь оросууд: „Хараач, хараач, эднийх ийм сонин заншилтай юм байна шүү“ гэцгээж байдаг билээ» гэж аав маань хожим нь инээн дурсан ярьж байдагсан. Гэхдээ мэдээж залуу нас бол залуу нас. Ахуй байдал хэцүү байсан ч хэт ирээдүй гэрэлтэй сайхан харагдаж аав оюутан найзуудтайгаа инээж наргиж эрдэм номдоо мэрийж орос хэлийг сайн сурч мэргэжил боловсролоо хичээнгүйлэн эзэмшиж байжээ. «Жилийн дараа цээж бичиг бичихэд би оросуудаас сайн бичсэнийг хараад багш маань гайхаж байдагсан» гэж аав ярьдаг байв. Оюутан ахуй цагтаа найзалсан зөвлөлтийн сэтгүүлч Алексей Абрамов, БНАСАУ-ын хэвлэлийн ажилтан Цой Дар Сык нартай олон жил дотно сайхан нөхөрлөсөн билээ. Тэгээд гуравдугаар курсэд байхад нь Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн сэтгүүлчийн анги Москвагийн Их сургуулийн харъяанд очиж аав тэр ангийн анхны төгсөгчдийн нэг болсон билээ.

1953 онд аав эх орондоо эргэж ирээд Улсын хэвлэлийн хороонд ажиллажээ. Сэтгүүлч А.Чойжилжав гуай :" ... 1953 он юмсан. Сэтгүүлч бидний дунд дээд мэргэжлийн хүн өдрийн од шиг ховор. Тэр тусмаа сэтгүүл нийтлэлийн талынх гэвэл ганц ч хүн байсангүй. Гэтэл «Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн нэг залуу ирж гэнэ. Тэр залуу Улсын Хэвлэлийн Хороонд уран сайхны номын редактор, дараа нь тэндэхийн ерөнхий редактор болж гэнэ» гэсэн яриа тэр цагт хорин хэдтэй, залуу зандан явсан сэтгүүлч бидний чихийг дэлсэж байж билээ. Ном үзэж сургууль төгсөх нэг хэрэг, үзсэн сурснаа амилуулж , ард түмэндээ юм бүтээж, авъяас чадвараа харуулах нь өөр хэрэг. Ингээд л Монголоос анхлан явж , сэтгүүлч нийтлэлийн талын дээд мэргэжил эзэмшсэн энэ залуу маань аль хир авхаалж сэргэлэн, авъяас билэгтэй сэтгүүлч болох нь вэ гэдгийг бид бүгдээр чагнан хүлээж байж билээ. Тэгтэл удалгүй тэр залуу сэтгүүлчийн найруулан зассан зохиол, орчуулж хөрвүүлсэн бүтээл уншигч олны хүртээл болж эхлэв. Хамгийн гол нь манай сонин сэтгүүлийн хуудаснаа бичиж туурвисан утга зохиолын гүнзгий шинжтэй шүүмжлэл судлал, хурц дайчёин уран нийтлэл нь дараа дараалан гарч зохиогчийн нэр олны дунд түгж, түзүний бүтээл түмний талархал хүлээгээд ирлээ. Ингээд залуу сэтгүүлч маань бид бүхнийхээ урмыг эс хугалсан юм. Тэр цагт сэтгүүлчийн ажлыг эхлэн оролдож явсан миний бие Улсын хэвлэлийн төв газраар орж, тэндэхийн ерөнхий редакторын ширээнээ саяхан суугаад байсан намхан нуруутай, эелдэгхэн зантай, цулцгар бор залуутай эн тэргүүн уулзаж, ном зохиолын тухай шинэ юм сонсож авч байснаа одоо сайн санаж байна" гэж бичсэнийг ишлэе.

1956 онд миний ээж Чадраабалын Чулуунтай ханилсан. Тэр үеэс уран зохиол орчуулж эхлэсэн бөгөөд орос хэл эхлэн суралцагсдад зориулан «Харваач ба түүний нөхөд», «Эрдэнэсийн уул» зэрэг үлгэрийг монгол хэлнээ хөрвүүлж, түүндээ үг бүрийг нь хадсан толь хавсарган хэвлүүлсэн байдаг юм. Бямбын Ринчен гуай: «Зарим хүүхэд хөлд орохдоо удаан түшүүлж байж хөлд ордог. Зарим хүүхэд дороо хөлд ордог. Та бол амархан хөлд ордог хүүхэд байна» гэж аавд хэлж байсан гэдэг. Бас «Манайд Ч.Чимид, Ц.Хасбаатар зэрэг орчуулагчдын найранд хөл мах хөхүүр айрагтай ирж дээгүүрхэн суух авъяаслаг сайн залуучууд байна» гэхчлэн хэлж байжээ. Энэ үеэс аав тухайн цагийнхаа уран зохиолын шинэ соргог бүтээл, утга зохиолын амьдралын содон үйл явдал болгоныг соргогоор ажиглаж «Уран бүтээлч», «Уран зохиолын шүүмжлэлийг өрнүүлье», «Д.Нацагдорж», «Улаан наран мандсан түүх», «Уран зохиол ба залуучууд», «Орчин үеийн уран зохиолын төрөл зүйл», «Сайхан нэрний цаана» «Ц.Гайтав», «Эрин цагийг эгшиглэн дуулсан нь», «Яруу найргийнхаа хувьсгалт уламжлалыг хөгжүүлье», «жолооч нарын тухай жүжиг», «Орчуулгын тухай хэдэн үг », «Хайран дууль» зэрэг шүүмж, тэмдэглэл бичин тэр болгоныг мэргэжлийн хүний нүдээр шинжиж үнэлэлт дүгнэлтээ өгч байжээ. Мөн энэ үед Зөвлөлтийн нэрт яруу найрагч Александр Твардовскийн «Алсын алсад» /«За далью даль»/ найраглал, Оросын алдарт яруу найрагч М.Ю.Лермонтов, А.С.Пушкины шүлэг зохиолоос орчуулж «Цог» сэтгүүл, «Зөвлөлт Холбоот Улс» сэтгүүлийн эрхлэгчийн хариуцлагатай, нарийн чимхлүүр ажлын хажуугаар уран бүтээлээ хийх цаг зав гаргаж амжуулж байжээ.

Аав тэр үеийн урдаа барьдаг зохиолч, яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч зураач, ер нь уран бүтээлч сэхээтнүүдтэй андын барилдлагатай явсаан. Зохиолч Ч.Чимид, С.Эрдэнэ, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Дашдооров, Д.Пүрэвдорж, З.Сандагаа, Д. Гомбожав, П.Лувсанцэрэн , орчуулагч Очирбат, зураач Гаваа, Цэнд-Аюуш гээд олон хүн манайхаар ордог гардаг, аавтай уран бүтээлийн яриа хөөрөө өрнүүлж, хэлэлцэж зөвлөлдөж байдагсан. Авъяас билэгтэй аливаа хүмүүсийн нэгэн адилаар тэд өөдрөг дэврүүн сэтгэлтэй, уран хошин яриатай хүнлэг сайхан хүмүүс байлаа. Гэхдээ уран бүтээлийн алдаа оноонд дээр хүрвэл аав найзархаж тал тохой татдаггүй байсныг нь Ч.Чимид гуайн А.Пушкины «Евгений Онегин» романы орчуулга, С.Эрдэнэ гуайн «Робин Гудын дууль»-ийн орчуулгыг шүүмжилж байсан зэргээс нь харж болно. 

Улмаар аав 1966 онд Зөвлөлт Холбоот улсын ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид явж суралцан, өөрийн багш Георгий Иванович Михайловын удирдлагын доор «Монголын орчин үеийн роман» сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Тэр үедээ ээж бид хоёрыг урилгаар Москвад аваачиж , бид гурав Хар далайн эрэгт Сочид очиж амарч билээ. Нэг удаа би аавтай хамт усанд удтал тарвалзаж байгаад эрэг дээр гараад иртэл эргийн чулуу нь гишгэх аргагүй халсан байв. «Зеленая роща» гэдэг амралтын газрын тушаах наран шарлагын газар нь элсгүй том том чулуутай байсан юм. Аав хөл нүцгэн тэр халуун чулуун дээгүүр намайг үүрээд явж байсан нь санаанаас гардаггүй юм аа. 

Аав 1967 оноос «Үнэн» сонины газар соёлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж, үүнийхээ зэрэгцээ уран зохиолын амьдрал судлаач, шүүжмлэгчийн хувьд идэвхтэй оролцож байв. Тэр үеийн агаар амьсгаа тухайн цагт бичиж байсан «Социалист реализм манай утга зохиолын гол арга мөн», «Хувьсгалт урлагийн ленинч зарчим», «Хүнлэг ёсонд харш урлаг», «Түүхэн сэдвийг урлаг утга зохиолд тусгах нь», «Яруу найргийн өнөөгийн шаардлага», «Уран зохиолын шүүмжлэлжийн тухай», «Хорвоогийн өнгийг олж харсангүй ээ», «Гай газар дороос», гахай... номон дотроос«, «Молдав түмний урлагийн гайхамшиг», «Казах ардын билэгт найраг» зэрэг шүүмж, тэмэдгэлэлээс нь ч илхэн харагдна. 


1969 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бидний хувьд нэн эмгэнэлт явдал болж миний ээж Ч.Чулуун нэгдүгээр амаржих газар төрөх үедээ нарт хорвоогоос хальсан билээ. Хайрт ханиа алдсан аав хичнээн их харуусан гашуудсаныг хэлэхэд ч хэцүү. Ээжийн хөргийг дуугүй харж сууж байснаа цурхиртал уйлна, дүү бид хоёр дагаад л уйлна. Найз нөхөд нь ирж сэтгэлийг нь засахыг хичээнэ. Тэднийг явсны дараа аав маань ээжийн гэртээ хамгийн сүүлд авсан явган ширээн дээрээс аяга хундагнуудыг хураалгаад хавтанг нь арчаад л суучихдагсан. «Миний хоёр хүү унт даа» гэж хэлээд өөрөө тэр ширээг нь зөөлхнөөр арчсаар л суудагсан. Тэр үед аав өөрийгөө ажлаар дарж сэтгэл санааны айхтар хүнд дарамтнаас салдаггүй юм аа гэхэд сатаарч холдъё ч гэсэн байж магадгүй, Улсын хэвлэлийн газрын редактор, орчуулагч Ц.Шүгэр гуайн санал болгосноор Италийн алдарт яруу найрагч Данте Алигьерийн өөрийн сэтгэлт бүсгүй Беатриче-гийн дурсгалд зориулж туурвисан хайр сэтгэлийн дуулал, гүн ухаан, эгээрэл ухаарлын охь манлай болсон «Тэнгэрлэг туульс» зохиолыг орчуулахаар болсон юм.
«Хорвоогийн насны талыг туулаад
Харанхуй хөндийд замаа алдаад
Бүрэнхий ойд би ирчихсэн байлаа.
Аяа тэр зэрлэг хөвч
Аюултай бэрх аглаг зэлүүд
Аймшигтай хэцүү мартахын аргагүй.
Тэр хөвч үхлээс өөрцгүй
Тэгэвч би очсоны хувьд
Тэнд үзсэнээ бүгдийг нь ярья» гэж эхлэдэг энэ бүтээл нь «Там», «Ариутгалын орон», «Диваажин» гэсэн гурван анги, зуун дууллаас бүрдсэн нийтдээ 25 мянган мөр шүлэг юм. Зохиолын агуулга нь зохиогч алаг эрээн хорвоогийн нүгэлт бусармаг явдлаас зугатан хашраан залхаах тамын ертөнцөөр дамжаад ариутгалын оронд нүгэл гэмээсээ цэвэршин ангижирч улмаар аз жаргал хишиг буяны орон болох диваажинд хүрч ариун сайхан бүхний билэгдэл болсон Беатричетэйгээ уулзсан учирч байгаа тухай уран яруу сэтгэмж юм. Аав «Миний Беатриче бол Чулуунаа» гэж ярьдаг байв. «Тэнгэрлэг туульс» зохиолын орчуулгаа аав маань ээжийн дурсгалд зориулсан билээ.

Энэ үед аав Монгол Улсын Их сургуулийн монгол хэл уран зохиолын тэнхимд багшилж байлаа. Аав олон шавьтай. Энд эрдэмтэн С.Дулам, Зөвлөлтийн Зохиолчдын Эвлэлийн Хорооны гадаад харилцааны хэлтэст Монголыг хариуцаж байсан А.В.Ломакина, багш, шүүмжлэгч Хуанган гээд олон хүнийг нэрлэж болно. Манайхаар бас Ж.Төмөр гэдэг намхан нуруутай, цэвэрхэн царайтай, ширвээ сахалтай үргэлж инээвхийлж явдаг нэг залуу ирдэг, аавтай уран зохиолын тухай их ярьдаг байж билээ. Тэр авъяаслаг залуу шүүмжлэгчийн анхны номыг аав «эх барьсан» бөгөөд Ж.Төмөр гуай аавын «Утга зохиолын тухай бодол» номыг редакторласан билээ. Харамсалтай нь тэр уран бүтээлч Азейрбажанд явж байгаад автомашины ослоор нас барсан юм. 

Аав шүүмж судлалын ажлынхаа зэрэгцээ орчуулгаа тасралтгүй хийж байлаа. Нэг удаа аав хуудсыг нь урдаг календарнаас Дмитрий Кедрины «Зүрх» гэдэг шүлгийг олоод ихэд олзуурхан ээж бид хэдэд уншиж өгч билээ. Тэгээд тун удалгүй тэр шүлгийг орчуулж бидэнд уншиж өгч байсан нь одоо ч гэсэн санаанд тодхон байна. «Энэ бол байж боломгүй зохиомол зүйл бичээд туйлын үнэнийг маш тод илэрхийлж болдгийн нэг жишээ юм» гэж байдагсан. Дараа нь «Би орчуулгаа оюутнууддаа уншиж өглөө. Сүүлийнх нь хоёр мөрийг сонсоод тэдний царай хувьсхийж байсан шүү» гэсээр ирж билээ. 

Түүнээс гадна намын их хурал, олон улсын бага хурал, чуулган, зохиолчдын уулзалтын үеэр оросоос монгол, монголоос орос руу илтгэл, баримт бичиг орчуулахад олон шөнө, олон өдрөө зориулсан юм. 1970-аад оноос аав Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хороонд үзэл суртлын хэлтэст зааварлагч, Намын түүхийн институтийн марксизм-ленинизмын бүтээл орчуулах салбарт ахлах редактораар ажиллаж байв.

1980-аад он гэхэд аав «Орчин цаг , уран зохиол», «Утга зохиолын тухай бодол», «Уран зохиолын учир», «Реализмын тухай», «Социалист реализмын зарчим», Монголын шинэ уран зохиол" зэрэг шүүмж судлалын ном «Ардын эрхт төр минь», «Найрамдлын наран үүрд мандаг» зэрэг нийтлэлийн түүврүүд, гоо зүйн тухай өгүүлэл, олон тооны орчуулгаа олны хүртээл болгож зохиолч нөхдийнхөө дунд алдар хүндтэй, уншигч олныхоо дунд нэр нүүртэй болсон байсныг нэгэн номынх нь оршилд Л.Түдэв гуайн бичсэн үг бэлхнээ илтгэнэ ээ. Аавын уран бүтээлийн дотнын анд, ач ихтэй тэр эрхэм хүн: «Нөхөр Ц.Хасбаатар бол манай шинэ утга зохиолын шүүмжлэл судлалын урдаа барьдаг нэг төлөөлөгч юм. Тэр сүүлийн гучаад жилийн турш манай судлал шүүмжлэлийн жагсаалын эхэнд, дайчин хурц, гүнзгий, далайцтай үгээрээ уран зохиолчдын төдийгүй уран зохиолын шүүмжлэлийн гол түрлэг дууг өргөж яваа хүн юм...Түүний шүүмжлэл судлалын бүтээл нь уран нийтлэлийн шинжтэй байдаг онцлогоороо зохиолчдын сонирхол татаж, хүндэтгэлийг хүлээдэг нь тодорхой. Нөгөө талаар, огт санаандгүй байсныг сануулах өвөрмөц гэнэтийн нээлтүүдээр баялаг байдгаараа нөхөр Ц.Хасбаатарын бүтээл онцлог юм. Түнийг зүйрлэж хэлбэл огт санамсаргүй талаас нь цохилт өгч өрсөлдөгчийгөө цэвэр ялдаг боксчинтой ойролцоо чанар түүний хурц үзгэнд хадгалагдаж байдаг юм. Ямар ч гэсэн нөхөр Ц.Хасбаатарын бүтээл манай утга зохиолын сайныг бататгаж, саарыг арилгахад жинтэй хувь нэмэр оруулсаар ирснийг утга зохиолын амьдрал өөрөө нотолж байдаг билээ» гэж бичсэн байдаг билээ.

Аав зохиолч нөхдийнхөө бүтээлд туйлын анхааралтай ханддаг, үг бүрийг нь үнэлэн цэгнэдэг байсныг бичсэн шүүмжээс нь ч, тэдгээр зохиолыг нь зурж тэмдэглэж уншиснаас нь ч харж болно. Жишээ нь нэгэн романы тухай шүүмждээ «Зохиолч хүн урлан бүтээх шургуу их ажлынхаа явцад юм юмны тухай бичмээр, зохиолоо улам гоё сайхан болгомоор санагдаад тэр оргилсон сэтгэлийнхээ эрчинд «өөрийгөө хязгаарлах» чадвараа алдаад уран сайхны хэм хэмжээг хэтрүүлэх явдал хааяа гардаг. Уран сайхны хэм хэмжээг алдагдуулна гэдэг бол уг зохиолыг гутаана гэсэн үг. Зохиолч юмыг сайхан дүрслэе гэж машид хичээсэн хир нь санаандаа хүрч чаддаггүйн нэг шалтгаан чухамхүү үүнд оршино. Хүнээс тамхи гуйж татдаг, сахлаа имэрдэг зэрэг Хасын дассан сурсан занг харуулсан нь гол баатрын өвөрмөц төрх байдлыг гаргахад яах аргагүй хэрэгтэй зүйл. Гэхдээ үүнийг үзүүлэхэд хэмжээ бас байх хэрэгтэй. Энэ романд /гол баатар/ бүрэн биш тооцоогоор 13 удаа хүний тамхи руу гар сарвайж байна. Сахлаа имэрсэн илбэснийг нь бас залхуугүй тоочжээ. Царайг нь «хүрэлгэр бараан, „хүрэлгэр зузаан хүрэн“, „хүрэлгэр ширүүн“, „аймаар хүрэлгэр бараан“ „баргар зузаан“ гэх зэргээр бичжээ. Бас царайгаа барайлгалаа, хүрэнтүүллээ гэх зэргээр бичсэн байх юм. Уулын хүрэлгэр зузаан хүрэн царай хүрэнтэхээрээ чухам ямаршуу өнгөтэй болдгийг төсөөлөхөд бэрх... Ийнхүү чимэг тодотгол зэргийг давтаж элээгээд өнгийг нь алдуулсны харгайгаар романы уран сайхны ханш эрс буурсан байна... Мань эр гэдэг үгийг энэ зохиолд төлөөний үгийн оронд хэрэглэжээ. „Каменов түүнийг гэртээ урилаа. Мань эр ч урилгыг хүлээн авахаас юунд эс татгалзахав“. Энэ үгийг үе тэнгийн буюу сайн танил хүнийхээ тухайд ярианд хэрэглэдэг бололтой. Хүндэтгэх ёсонд энэ үг таарахгүй. Жишээ нь: „Хурандаа Дорж илтгэл тавив. Мань эрийн илтгэлийг цэргүүд анхааралтай сонсов“ гэвэл ямаршуу дуулдах вэ?» гэхчлэн бичсэн байдаг билээ. Аав хоргүй цагаан элэглэлд дуртай инээд муутай хүн байсан болохоор тэр зан чанар нь бичсэн шүүмжид нь олонтаа илэрсэн байдаг юм.

Өөрөө юм бичиж, орчуулга хийхдээ ч гэсэн үгийн утга өнгөнд туйлын нягт нямбай ханддаг байлаа. Ялангуяа шүлэг орчуулахдаа бичих үгээ амандаа өчнөөн удаа шивнэн хэлж байгаад цаасан дээр буулгаж байдагсан. Алексей Сурковын «Бьется в тесной печурке огонь» шүлгийг орчуулж байхад нь би яг дэргэд нь сууж байсан юм.
«Бьется в тесной печурке огонь,
На поленьях смола, как слеза,
И поет мне в землянке гармонь
Про улыбку твою и глаза..» гэсэн эхний бадгийг нь оросоор нь хэд дахин уншиж дараа нь монголоор янз бүрээр хэлж үзээд эцэст нь :
Төмөр зууханд гал дүрэлзэнхэн байна
Түлээний давирхай нулимс адил дусланхан байна
Чийгтэй хүйтэн газар гэрт баянхуур хөгжим
Чиний минь мишээл, нүдний чинь тухай дуулж байна гээд эрэмгийн өөдрөг шинжийг илтгэсэн бичгээрээ таталгаж билээ. Ой муутай миний санаанд хүртэл арилшгүйгээр хоногшисныг бодоход энэ орчуулга эх зохиолынхоо агаар амьсгааг яах аргагүй яв цав илэрхийлжээ. Ер нь орчуулагч хүний чадал чансааг ганцхан үг орчуулсныг нь хараад хэлж болно гэж би боддог юм. Аав англиар «Синдерелла» буюу оросоор «Золушка» гэдэг нэрийг «Үнсгэлжин» гэж орчуулсан нь тэр дороо монгол хэлний ахуйд идээшин шингэсэн билээ. Мөн «үйл явц», «даяаршил» гээд аавын орчуулж хэвшүүлсэн үг нилээд бий. Улс орныхоо дархан хилийг хамгаалсан хилчин гэж байдаг бол миний аав «чихинү чимэг болсон аялгуу яруу монгол хэл»-ээ хамгаалсан «хэлчин» байсан гэж хэлж болох юм аа. 

Аав биеэ авч явах, хүнтэй харилцах, бичиг цаас ном сэлтээ цэгцтэй байлгах, юм эдлэж хэрэглэх зэрэгтээ ч гэсэн жинхэнэ сэхээтэн хүний хэв шинжийг илтгэсэн хүн байв. Ахуй байдалдаа асар энгийн даруу, элдэв чамирхалд дургүй, хоол унд голж шилдэггүй байлаа. Гэхдээ хар бор ажилд тааруухан байсаан. Ямар сайндаа л хөдөө хадамлаж очоод миний хөгшин ээжид: «За манай Хасаа ч хар ажилд ёстой яг хүн юм даа» гэж хэлүүлж байхав дээ. Бас нэг очиход нь миний ээжийн хүргэн ах нутгийн сайн анчин Б. Лхасранжав ах анд дагуулж явсан юм. Анд мэдээж мориор явна. «Жолоогоо машины үрүүль шиг бариад мушгиж байдагсан» гээд эмээ маань /Довчингийн Төмөр/ инээж байдагсан. Гэхдээ Хөвсгөл далайн баруун биеийн аглаг битүү тайгад хашир анчныг дагаад ямар ч үгүй яваад ирсээн. Лхасранжав ах нэг чоно, нэг гөрөөс агнаж, харин аавын олз гэвэл хунгийн гуужсан нэг их урт өд байв. Тэгээд «Аав нь хүн болсоор үзээгүй сайхан уул ус үзлээ» гээд миний дүү Чинбаяр бид хоёрт харсан мэдсэнээ их л олзуурхан ярьж :"Би шүлэг хүртэл зохиолоо" гээд тэр шүлгээ уншиж өгч байв. Байгаль дэлхийг их л сайхан дүрсэлсэн тэр шүлгээс нь: «Хөөрхөн хоёр хүү минь Хөгшин буурал ээжтэйгээ Навтгар дүнзэн байшиндаа Намайг хүлээж суугаа даа» гэсэн төгсгөлийн хэдэн мөр нь л миний санаанд үлджээ. Аав маань хаана ч явсан хүүхдүүдээ л бодож явдаг байсны нэгээхэн илрэл нь энэ болов уу. Үнэхээр одоо эргээд бодоход аав биднийг эрхлүүлж л байснаас биш эрүүдэж загнаж байсан удаа нэг ч байгаагүй юм байна аа. 

Ээжийг өөд болсноос хойш хэдэн жилийн дараа аав нэг өдөр миний дүү Чинбаяр бид хоёрт «Одоо миний хоёр хүү том боллоо. Удахгүй өөр өөрийн амьдралыг хөөгөөд яваад өгнө. Аав нь ганцаараа үлдэх нь байна шүү» гэж хэлж билээ. Тэгээд Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Батцэцэгийн ээж /би эгч гэдэг/ Бавуугийн Цэрэнлхам «жаажаатай» ханилж Баяраа дүү минь төрсөн. 

1990-ээд он бол улс орны ч, уран зохиолын ч хямралын үе байлаа. Урьд нь байсан бүхнийг сайн мууг ялгалгүй үгүйсгэн хийрхэж байсан тэр үед аав эгнээнд нь олон жил үнэнч шудрагаар зүтгэсэн намынхаа ард түмнээ ачласан гавъяаг сануулан өмгөөлөхийн сацуу залуу яруу найрагч, зохиолчидтой уулзаж хөл толгой нь мэдэгдэхгүй болсон уран зохиолын үйл явцад дүн шинжилгээ хийж хэтийн төлөвийг нь зөгнөсөн өгүүлэл нийтлэлээ сонин хэвлэлд гаргаж байв. Тэгэхдээ нийтлэлээ ямагт саруул сайхныг эрмэлзсэн байр сууринаас бичиж байсан юм. Энд «Арслан тайжийн толгой», залуу яруу найрагчдын уран бүтээлд хийсэн ажиглалт зэрэг бүтээлийг нь нэрлэж болно. Түүнээс гадна гүн ухааны чөлөөт сэтгэлгээний «Цаг, цаг, цаг...», «Жокондагийн инээмсэглэл» зэрэг өгүүлэл бичсэн нь уншигчдын сэтгэлд оюунд тэтгэх тэжээл, сэрээх цочироо болж байсан билээ. Тэр үед эрдэмтэн Төмөр-Цэрэн гуайтай улс орныхоо түүх соёлын тухай ихээхэн зүйлийг ярьдаг байв. Бас цаг хугацааны мөн чанарын тухай байнга эрэгцүүлж явдаг хүн байлаа. «Энэ ертөнцийн бүтэц сонин юм байна шүү. Эхлээд газар шороо гэсэн хатуу мандал байна. Түүнийг бүрхсэн арай зөөлөн усан мандал байна. Тэрний гадуур уснаас сийрэг агаар мандал байна. Харин агаар мандлын гадуур цаг хугацааны мандал байдаг бололтой...» гэгчлэн аав өвөрмөц сонин санаагаа хуваалцдаг байж билээ.

1995 онд аав Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор шагнуулсан юм.


Аав угаас бие сайтай боловч архагшсан ангина зүрхэнд нь нөлөөлсөн байв. Намайг нэг очиход «Наполеон нас барсан, Эйнштейн нас барсан, Толстой нас барсан. Одоо миний бие ч гэсэн тааруухан байна» гэж хошигнон инээгээд, дахиад нэг очиход:"Аав нь алсын аяндаа бэлдэж байна аа. Юм хумаа эмхэлж цэгцэлж байна" гэж байв. Тэгээд очих бүрд эцэг өвгийн үеэс хадгалж ирсэн аль нэг юмаа өгдөг болсон байлаа. Тэрнийх нь цаад учир амархан таагдаад байсан болохоор би эвгүйцэн сэжиглэж:"За би дараа авъя даа, аав аа" гэдэг байв. Гэсэн ч намайг төрсөн өдрөөрөө очиж үнсүүлэхэд,аав миний өвөг эцэг Ц.Цэвэгжавын гуулин тамга, Ардын хувьсгалын 15 жилийн ойн дурсгалын тэмдгийг нь хадган дээр тавьж өгсөнд би арга буюу авсан билээ. Дараа нь аравдугаар сарын дундуур Сонгино хайрханы ард очиж аавынхаа хороогдсон байх гэж таамаглаж байсан тэр газрыг эргэж хадаг, идээ будаа өргөсөн. Тэр үед бие нь тэгэтлээ доройтсон гэхээргүй байв. Гэвч 2002 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аав маань бурхан болов. Өглөө босоод эргэж хэвтээд дахиж сэрээгүй билээ. Уй гашуу болсон би сонин хэвлэлд өгөх эмгэнэлийн бичиг үйлдэхээр хувийнх нь бичиг сэлт нь байдаг хавтасыг нээтэл намтрынхаа завсар миний авга ах Ц.Пунцагноровын некрологийг хавчуулсан байв. «Муу хүү минь үймэрч балмагдаад юу бичих ухаанаа олохгүй байж мэднэ» гэж түүнийг надад загвар болгож үлдээжээ.

Ийм л аавын хайр ивээлд би төрж өсч, сурч боловсорч, хүний зэрэгт хүрсэн билээ. Аавыгаа дурсан санаж намайг багад элгэндээ тэврэн эрхлүүлж байсныг нь санахад, хөтлөөд хүүхдийн дэлгүүрт орж байсныг нь, дүү бид хоёрын гараас бариад ээжийн шарилийн дэргэд гашуун нулимс унаган зогсч байсныг нь санахад, үзгээ эвтэйхэн бариад юм бичиж суугаа дүр зургийг нь эргээд санахад, найз нөхөдтэйгөө инээмсэглэн ярьж байсан үгийг нь санахад, намайг сургуульд явахад галт тэрэгний буудал дээр гараа даллаад хоцорч байсныг нь санахад, Хорлоо бид хоёрын хуримыг хийлгэж, ач охиноо өхөөрдөн үнсч байсныг нь бодоход, миний орчуулгын алдаа
мадагийг дооглон шоолон зааж хэлж байсныг нь бодоход, хол яваад эргээд очиход духан дээр минь үнсдэг байсныг нь бодоход өөрийн эрхгүй хоолой зангирч хоёр нүднээс нулимс урсах юм аа.❚