Буряадай кино

Буриадын киноны тухай илтгэл

29 декабря 2014

1807

Оршуулга: Хасбаатарын Мэргэн

Буриадын киноны тухай илтгэл

© Ардан Гармаев

Оросын Холбооны Улсын буриадууд гол төлөв Бүгд Найрамдах Буриад Улс (286,8 мянган хүн), Усть-Ордагийн Буриадын тойрог болон Эрхүү мужийн бусад нутагт (54 мянга.), Агын Буриадын муж болон Өвөр Байгалийн бусад нутагт (45 мянга) аж төрөн сууж байна. Нийтдээ 386 мянган хүн байна.

                                    Хүн амын статистикийн тоо баримтаас.

ЭХНИЙ ҮЕ

Буриадын кино урлагийн удиртгал хэсэг нь хэдхэн жилийн өмнөөс эхлээд байгаа буриадын кино урлагийн түүхээс хавигүй урт удаан хугацааг хамардаг юм.

Он дарааллын бичгийг сөхвөл өнгөрсөн зууны хориод онд – тодруулбал, 1929 онд – Верхнеудинск буюу өнөөгийн Улаан-Үүд хотод Всеволод Пудовкины киноны уран бүтээлчдийн баг ирж “Чингис хааны удам” гэдэг алдартай киноны зураг авч эхэлсэн тэр үеэс түүх эхэлнэ. Европод тэр кино “Буря над Азией” буюу “Азид дэгдсэн шуурга” нэртэйгээр алдаршсан юм. Энэ жил тэр киноны 85 жилийн ой болж байна.

Киноны нэгэн хэсгийн зургийг Пандидо хамба ламаас зөвшөөрөл авч Буриадын буддийн шашны төв болсон Тамчийн дацанд авсан явдал нь “Чингис хааны удам” киног буриадуудын оюун санааны дурсгалын нэгэн хэсэг болгосон юм. Хосгүй тэр зурагт буддийн тарнийн номын дээдийн шүтээнүүдийн нэг Калачакрад зориулсан Цам харайх ёслолыг кино хальсанд хадгалж үлдээсэн байдаг юм.

Гол дүрийн баатар Баярт буриад монгол хүн, буриадын анхны мэргэжлийн жүжигчин Валерий Инкижинов тоглосон бөгөөд тэр хүн бол ганцхан дүрээрээ олонд алдаршиж кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн авъяастан билээ.

 1926-аас 1929 оны хооронд найруулагч Инкижинов Москва болон Ялта хотод гурван кино бүтээсэн боловч харамсалтай нь тэдгээр нь хадгалагдаж үлдээгүй юм.

“Монгол гэдэг нэрээ том үсгээр бичүүлэхүйцээр чадварлаг жүжиглэн тоглож, аль болохоор жүжигчин гэж харагдахгүй байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ чин сэтгэлээс гарсан, хүний сэтгэл уярам үйлдэл байдлыг үзүүлж, тэгэхдээ зөвхөн өөрөөрөө байж, хувийн зан чанараа харуулбал зохино” гэж Инкижинов киноны зураг авалтын өмнө бичиж байжээ. Дэлхийн кино урлагийн оргилд хүрч чадсан тэр хүн жүжигчин, найруулагчийн хувьд ямар их авъяастан байсныг түүний бичсэн “Буриад монголын театрын асуудлууд” («Проблемы бурят-монгольского театра») өгүүлэл бэлхнээ илтгэнэ. Өгүүлэлд дэвшүүлсэн санаануудыг тухай бүрд нь нарийвчлан уншиж, задлан шинжлүүштэй санагддаг юм. Тухайлбал, Инкижинов ардын уран бүтээл, хайлж өгүүлдэг үлгэр туульс, бөөгийн тамлага, буддийн ая дууны урлаг, ардын шог хошин яриа зэргийг өргөнөөр ашиглахыг уриалж байв.

1930 онд Валерий Инкижинов Парис руу цагаачилж, Франц, Герман, Италидажиллаж, харийн нутагт байхдаа 44 кинонд тоглож, 1973 онд Парисын ойролцоо 78 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
 
ДУНД ҮЕ

1960-аад оны дундуур Москвагийн С.А.Герасимовын нэрэмжит Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгссөн анхны буриад найруулагчид гарч ирсэн юм. Найруулагч АрьяДашиев голцуу «Мосфильм» кино студид ажиллаж, Александр Итыгилов - Киевт А.П. Довженкогийн нэрэмжит киностудид, Барас Халзанов - Свердловскийн киностудийн урдаа барьдаг найруулагчдын нэг болсон юм. Энэ бол жинхэнэ мэргэжлийн кино найруулагчдын үе байсан гэж хэлж болно. Чухам энэ л үед буриадын кино найруулагчид зөвлөлтийн кино үзвэрээр түгээгдэн сая сая үзэгчдийн хүртээл болсон кинонуудаа бүтээсэн юм.

Тэдгээрийн зарим нь одоо ч гэсэн Оросын телевизийн сувгуудын сан хөмрөгт байсаар байна. Тухайлбал, энд буриадын жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиолч Д.Батожабайн туужаас сэдэвлэн бүтээсэн “Адуучны дуу” («Песня Табунщика»)(1957), найруулагч Владимир Басовын “Алтан байшин” («Золотой дом») (1960), Ярополк Лапшины найруулсан, буриадын тал нутагт хувьсгалын үйл явдал өрнөж байгаа тухай “Тайгын яргуй дэлгэрэх цагаар” («Пора таежного подснежника»), Буриадын нэрт зохиолч Исай Калашниковын зохиолоор найруулан тавьсан “Аниргүйн хашгираан” («Крик тишины»), Барас Халзановын бүтээл, Буриадын гарамгай жүжигчид тоглосон “Хаагдах болсон алтны уурхайн өглөө” («Утро обреченного прииска»), “Гашуун арц”(«Этот горький можжевельник») зэрэг киног нэрлэж болно.

Найруулагч Арья Дашиевүндэсний, угсаатны зүйн материал дээр орчин үеийн зөрчлийг харуулсан кино бүтээх оролдлого хийж байсныг энд тэмдэглүүштэй. Түүний “Гурван нар” («Три солнца») (1976) киноны зургийг Буриадад, Улаан-Үд хотод авсан юм. Найруулагч нэгэн ярилцгадаа: «Гурван нар» кино нь миний төрсөн нутаг, алдаргавъяаны хойноос хөөцөлддөггүй, хүмүүний үнэн амьдралаар амьдардаг эгэл энгийн хөдөлмөрийн хүмүүс, манай байгалийн сайхан, хүний сайхан сэтгэлийг харуулсан кино юм” гэж хэлсэн байдаг. Арья Дашиевын бүтээлүүдийн дотроос оросын болон буриадын нэртэй жүжигчид тоглосон “Аниргүйн хашгираан” («Крик тишины»), “Хаагдах болсон алтны уурхайн өглөө” («Утро обреченного прииска») ихээхэн амжилттай болсон юм. Тэрээр мөн гадаадын кино студиудэд олон кино бүтээснээс “Заяаны минь нутаг” («Край моей судьбы») («Монголкино»); “Нойр хулжсан нь”(«Бессонница») (Казахфильм»); “Авралын эрэг” («Берег спасения») (Зөвлөлт Холбоот Улс - Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс хамтарсан) зэрэг бүтээлүүдийг нь дурьдаж болно.

Александр Итыгилов бол зөвлөлтийн кино найруулагч, зураглаач, Украины Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртсэн уран бүтээлч юм. Энэ хүн «интернационалч» кинобүтээхийг эрмэлздэг, оросын үргэлжилсэн үгийн зохиолуудыг дэлгэцийн бүтээл болгох чиглэлээр ажиллаж байсан бөгөөд буриад хүний дүрийг “Баавгайн арьс зарна” («Продается медвежья шкура») (1980) гэдэг нэг л кинондоо гаргасан байдаг. Тэрээр “Болд хэрхэн хатаагдсан нь”(«Как закалялась сталь») кинонызураглаачийн бүтээлээрээ нэрд гарсан юм. Итыгилов нь 1990 онд 46 настайдаа Чернобыльд кино зураг авсныхаа дараахан зуурдаар нас нөгчсөн билээ.

Барас Халзанов уран бүтээлдээ буриадуудын амьдралыг харуулахыг эрмэлзэж байлаа. Түүний шилдэг кинонууд нь Аугаа их эх орны дайны үеийн сэдвээр бүтээгдсэн байдаг. Тэдгээрт нь найруулагчийн бага насны дуртгал, дайны үеийн ар талын ахуй байдал, эртний уламжлал, зөвлөлтийн аж байдалтай сүлэлдсэн буриадын хөдөөгийн өдөр тутмын амьдралын тухай дурсамжууд тусгалаа олсон байдаг билээ. Энд тухайлбал, “Гашуун арц” («Горький можжевельник», 1985) бүтээлийг нь нэрлэж болно. Эдгээр нь мөн л зөвлөлтийн нийт үзэгчдэд зориулж хийсэн кинонууд байлаа.

Ерээд оныэхээр Барас Халзанов “Зов” буюу “Дуудлага” гэдэг хувийн студийн суурин дээр Екатеринбург хотод Оросын бүгд найрамдах улсуудад зориулж захиалагчийнх нь хөрөнгөөр кино бүтээдэг төв байгуулсан юм. Зуурдаар нас нөгчихийхээ өмнөхөн найруулагч Тува болон Чукоткод зориулсан угсаатны зүйн аястай хоёрхон бүтээл туурвиж амжсан юм. “Манан буухын өмнөх зүүд” («Сон в начале тумана») кинонд БарасХалзанов гол дүрүүдийн нэгийг бүтээсэн байдаг. Харамсалтай нь, уран бүтээлч Чукоткод 1993 онд тэр киноныхоо байгалийн зураг авсны дараахан ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Найруулагч Барас Цыретарович Халзановын уран бүтээлийн жагсаалтанд 10кино байдаг бөгөөд, 5 кинонд жүжигчнээр оролцсон байдаг юм.

1967 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг төгсөхдөө дипломын ажил болгож “Цагаан морь” («Белая лошадь») богино хэмжээний уран сайхны кино бүтээсэн нь1968 оны Ташкентын Олон улсын анхдугаар кино наадмын медаль хүртжээ. Үүний дараа найруулагч өөрийн зохиолоор “Эцсийн удаа агт хулгайлсан нь” («Последний угон») кино бүтээсэн юм.

Свердловскийн киностудид Халзанов “Нүүдлийн фронт” («Кочующий фронт»), “Нээлт”(«Открытие»),”Гашуунарц” («Горький можжевельник»), “Сар хиртсэн шөнө” («В ночь лунного затмения»), “Хүний газар гэж байдаггүй”(«Нет чужой земли») зэрэг уран сайхны кино, «Батожабай» баримтат кино (алдарт зохиолч Батожабайн тухай) зэрэг кинонайруулан тавьжээ. Бүтээлүүддээ Буриадын драмын театрын жүжигчдийг тоглуулсан байдаг.

Зөвлөт Холбоот Улс гэж байх үед Буриадын драмын театрынжүжигчид Москва болон Свердовскод бүтээж байсан кинонд их тоглодог байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэд зөвхөн буриад биш чукч, эвенк зэрэг Сибирь, Алс Дорнодын үндэстэн ясны төлөөлөгчдийн дүрийг бүтээдэг байлаа. Тийм кино нэрийг нь тоочихын аргагүй олон боловч дэлхийн кино урлагийн алтан санд хөмрөгт орсон нэгэн туурвилыг дурьдалгүй өнгөрч боломгүй санагдана. Тэр бол Акира Куросавагийн найруулсан «Дерсу Узала» (1976) кино юм. Голдүрийн жүжигчин тува угсаатан Максим Мунзуктай хамт тэр алдартай бүтээлд Алс дорнодын урлагийн дээд сургуулийн буриад студийн хэдэн залуу оюутан ажиллаж санаанд хоногшихуйц дүрүүдийг бүтээсэн байдаг билээ.

Өөрийн энэ мэдээлэлд би зөвлөлтийн болон Зөвлөлт Холбоот Улсын дараах орон зай дахь хүүхэлдэйн киноны салбарт авъяас билэгээ гайхуулсан зураач, буриадын Уолт Дисней гэж алдаршсан Радна Сахалтуевыг дурьдалгүй өнгөрч яавч боломгүй юм. Ай-Ёо доктор, Ахмад Врунгель, Льюис Кэрролын Алиса, Робинзон Крузо, “Эрдэнэсийн арал” киноны далайн дээрэмчид зэрэг олон олон үлгэрийн баатрын дүр Украины Ардын зураач, Украины зураач, киноны уран бүтээлчдийн Үндэстний холбоодын гишүүн буриад угсааны Радна Сахалтуевын уран сэтгэмжээр бүтсэн билээ. Радна Сахалтуевын уран бүтээлийн намтар Украины хүүхэлдэйн кино дөнгөж их замыхаа эхэнд байсан тэр үетэй холбоотой бөгөөд Радна Сахалтуев түүнийг үүсгэн хөгжүүлсэн анхны зураачдын эгнээнд зүй ёсоор багтдаг юм.

Ерөнхийд нь дүгнэн хэлэхэд зөвлөлтийн кинонд буриадын найруулагч, жүжчигчид багагүй ул мөрөө үлдээжээ.

“Буриадын кино” гэсэн ойлголтыг “буриадын сэдэвтэй кино” болон чухамдаа Буриад улсын кино буюу “буриад угсааны уран бүтээлчдийн хийсэн кино” гэсэн хоёр ойлголтод хувааж авч үзэх хэрэгтэй юм. Буриадын сэдэвтэй кинонууд нь зөвлөлтийн үеийн бүтээгдэхүүн (мөнөөх Пудовкины “Чингис хааны удам”, Халзановын зарим бүтээл) бөгөөд түүнийг үндэсний кино урлагийн эх үүсвэр гэж үзэж болно. Харин цэвэр буриадын кино гэх юм бол гагцхүү өнөө цагтай уялдуулан ярьж болох юм” (С. Анашкин).
 
ОРЧИН ҮЕ

Орчин цагийн киноны гол шинж нь гэвэл киноны бизнест цоошинэ хүмүүст орж ирсэн явдал юм. Энэ жил л гэхэд Улаан-Үдэд тулаантай кино, инээдмийн киноноос эхлээд мелодрам хүртлэх янз бүрийн төрөл зүйлээр 10 орчим кино хийж байна. Манай Бүгд найрамдах улсад ингэж кино олноор үйлдвэрлэх болсон явдал нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй юм. Орчин үеийн техник хэрэгсэл нь урьдыхыг бодвол хямд төсөр зардлаар кино хийх боломж олгож байна. Энэ нь кино бүтээе гэсэн оргилуун сэтгэлтэй мэргэжлийн бус олон хүнд уран бүтээл оролдох боломж нээж өгчээ. Хүмүүс жирийн гэрэл зургийн аппаратаар муугүй чанартай кино зураг авч байна.

Ингэж олонхүн кино бүтээх идэвх сонирхолтой болсны гол шалтгаан нь юуны түрүүнд бид, холбооны улсын соёлын орон зай дотор ялгарч харагддаг бүс нутгийн онцгой өвөрмөц соёл бүрдүүлж байгаа үндэстний бүгд найрамдах улсад амьдарч байгаатай холбоотой байх гэж бодогддог юм. Энэ идэвх сонирхол нь тус бүгд найрамдах улсад үйлдвэрлэлийн шинэ салбар хөгжүүлэхэд бүхэлдээ эерэг нөлөө үзүүлж байна. Бид кино үйлдвэрлэл хөгжүүлж чадахаар болсон нь харагдаж байна. Энд бэлдхэгдсэн жүжигчид, нилээд өндөр түвшинд хүрсэн соёл боловсрол, кино бүтээх хүсэл, техник хэрэгсэл, үзэгч олны эрэлт хүсэлт гээд шаардагдах бараг бүх зүйл манайд байна.

Мөн шинэ соргог юм сонирхох үзэгдэл ч ажиглагдаж байгааюм. Үзэгчид өөрсдийх нь, танил дотно дүр зургууд том дэлгэцэн дээр гарахад ихэд урамтайгаар хүлээж авч байна. Ихэнх киног Авхаалжит сэрэглэнчүүдийн клубын хөдөлгөөний өмнөх болон одоо байгаа багууд хийж байгаа бөгөөд энэ нь ч сайн хэрэг юм. Анхны хэдэн киноны туршлагаас харахад орон нутгийн киног хүмүүс сонирхож үзэж байна. 2006 онд Буриадын анхны кино болох “Чингис хааны тэргүүн хэвтүүл” (“Первый нукер Чингисхана”), түүнээс арай хожуу “Улаан-Үдэд болсон явдал”(”Улан-Удэнская история”) мелодрам, “Юм мэдэхгүй амьтан” (“Чайник” ) инээдмийн кино гарч орон нутгийн үзэгчдийн дунд санаандгүй гайхмаар их амжилт олсон юм.
 
Энэ бүхнээс үзэхэд, хэтдээ энэ оролдлогууд нь шинэ шатанд гарч, жинхэнэкино урлагийн төвшинд зайлшгүй хүрэх төлөв харагдаж байна. Одоо кино хийж байгаа арван багаас шинэ төвшинд хүрч чадсан тэр багууд нь цаашдаа уран бүтээл хийх нь тодорхой.

Одоо Буриаддахь кино үйлдвэрлэлийн бүх төвшинд мэргэжлийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан цорын ганц студийн захирлын тухай яримаар байна. Баир Дышенов бол кино урлагт 2006 оноос хүч авъяасаа сорьж байгаа уран бүтээлч юм.

Баир Дышеновийн тухай.

Дышенов Баир Николаевич, найруулагч, кино зохиолч, продюсер.

1966 оны 2 дугаар сарын 17-нд ОХУ-ын Бүгд найрамдах буриад улсын Закамены районы Дутулур тосгонд төрсөн. 1988 онд Ленинградын театрт, хөгжим, кино урлагийн улсындээд сургуулийн (одоогийн: Санкт-Петербургийн театр урлагийн улсын академи), урлагийн ангийг драмын театр болон киноны жүжигчин мэргэжлээр төгссөн (профессор В.В.Петровын анги). 

1989-1995 онд Бүгд найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын Буриадын драмын театрт жүжигчнээр, 1996 - 2003 онд Буриадын бүгд найрамдах улсын «Ульгэр» хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байгаад, 2006 онд Улаан-Үд хотод “Гэсэр” кино студи байгуулсан бөгөөд тус студи нь одоо “БурятКино” гэсэн нэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 г. – Баир Дышеновын киностуди нь “Магсар. Цусанд будагдсан тал нутаг” («Максар.Степь в крови») (У. Шекспирын «Макбет» жүжгээс сэдэвлэн англи эхээс нь буриад хэлнээ хялбаршуулан орчуулсан хувилбараар Улаан-Үд хотын Буриадын драмын театрын тайзнаа найруулан тавьсан) жүжгийг продюсерласан. Ерөнхий найруулагчнь Олег Юмов (ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн Женовачийн урланд суралцаж төгссөн). Тус жүжиг театр урлагийн нэр хүндтэй “Нүүрний алтан баг” (“Золотая маска”) шагналд янз бүрийн номинацид нэр дэвшиж байсан юм.
Киностудийн бүтээл

2008 онд орос-монголын хамтарсан “Бурхан багшийн мишээл” («Улыбка Будды») кино бүтээсэн юм. Энэ бол Баир Дышеновын киноурлагийн анхны бүтээл юм. Зохиогчийн, арилжааны бус энэ кино нь кино наадмуудад үзүүлэх зорилготой бүтээгджээ. Баир Дышенов энэ киноны зохиолыг нь бичиж, өөрөө найруулан тавьж, продюсероор нь ажилласан юм.
 
Берлины 59 дахь кино наадмын албан ёсны хэвлэлийн танилцуулгад: «Энэ кино нь үнэмшилтэй, үггүй, шог хошинаястай. Богинохон хугацааны дотор бид өөр соёлыг танин мэдсэн бөгөөд бяцхан жаалын бурхадаасаа айсан айдас нь бодитой харагдлаа” гэжээ. Мөн энэ номинацдаа тус кино Францын “Оросын кинотой танилцах Лиможийн уулзалтууд”(“Лиможские встречи с российским кино”) наадмын тэргүүн шагнал хүртжээ.
 
Товч агуулга. Гомбо гэдэг жаалхүү хичээлээ тарж ирээд чихэр идэх гэсэн боловч гэрт нь ёотон ч байсангүй. Хүү хаа сайгүй хайгаад юу ч олсонгүй тул бурханд тавьсан идээнээс нэг чихэр авахаар шийдэв... Тэгээд бурхан хөвгүүнийг буян хийснийх нь төлөө шагнаж, чихэр авахыг зөвшөөрсөн дохио илгээнэ. “Бурхан багшийн мишээл” («Улыбка Будды»).

2009 оны хоёрдугаар сард «Берлинале-59» Берлиний олонулсын кино наадамд энэ бүтээл “Шилдэг богино хэмжээний кино” номинацид “Болор баавгай” тэргүүн шагнал хүртсэн юм. Тус наадмын нэр хүндтэй шагнал хүртсэн Оросын цорын ганц кино бол буриадын найруулагчийн энэхүү бүтээл байлаа.
 
Улмаар энэ кино Япон, Нидерланд, Герман, Тайван,Канад, АНУ, Израил зэрэг 20 гаруй улс оронд буриадын соёлыг төлөөлж үзэгчдийн хүртээл болж байлаа. Австрид тус киног дунд сургуулиудад үзүүлэхээр DVD–ээр олшруулан тараажээ.
 
2011 онд богино хэмжээний уран сайхны хоёрдахь киногарсан нь “Эхийн захиас” («Наказ матери») (28 мин.) кино юм. "Эхийн захиас" кино нь буриадын буддийнсургамжит үлгэрээс сэдэвлэн бүтээсэн юм. Тус бүтээлд өндөр настай сохор эхийхээ, бурханы дүр авчраарай гэсэн захиасыг мартаад эхийгээ хуурч гуунд нь жирийн бариа модыг даавуунд ороогоод хийж орхисон нэгэн хүүгийн тухай өгүүлнэ. Эхийгээ өөд болсны дараа хүү шүтээнийхээ гууг үзтэл тэнд нь жинхэнэ Ногоон Дар эхийн дүр байж байх ажээ.

Энэ киног бүтээхдээ Баир Дышенов мөн л зохиолыг нь бичиж,найруулан тавьж, продюсероор нь ажилласан байна. Киноны зургийг 2010 онд Буриадад авсан бөгөөд кино бүтээхэд Улаан-Үд, Эрхүү, Москва болон Киргиз, Францийн уран бүтээлчдийн мэргэжлийн баг ажиллажээ. Гол дүрүүдэд нь Буриадын драмын эрдмийн театрын жүжигчин Намсалма Шагдарова, Баста Цыденов нар тоглосон байна.
 
“Эхийн захиас” кино нь олон орны арав гаруй кино наадамд оролцсон бөгөөдтүүний дотор
2011 онд Канны олон улсын кино наадам, төсөл Short Film Corner Cannes Court Metrage Festival deCannes 2012;
2012 онд – imagineNATIVE – “Эцэг эхийн гэр” хөтөлбөрийн хүрээнд оролцсон,
2012 онд – Варшавт зохиогдсон “Польшийн дээгүүр дүүлэгч хиймэл дагуул” Кино наадам зэрэгт оролцжээ.
2013 онд – WDR – Westdeutscher Rundfunk – “Эхийн захиас” киног Герман, Францийн нутаг дэвсгэр дээртелевизээр гаргах зөвшөөрлийг ARTE телевизийн суваг, бүс нутгийн айл гэрийн WDRFernsehen телевизийн суваг, тоон системийн EinsFestival суваг тус тус худалдан авчээ.
 
Баир өөрөө ингэж ярьж байна: “Дэлхийн кино наадмуудад бизөвхөн өөрийхөө богино хэмжээний кинонуудыг үзүүлэх гэж биш, дэлхийн кино үйлдвэрлэлийн өнөөгийн бодит байдалтай танилцахын тулд явдаг юм. Энэ бол орчин үеийн кино урлаг ямар түвшинд байна вэ гэдгийг мэдрэх ховорхон боломж. Учир нь жирийн кинотеатруудад ашгийн кинонууд үзүүлдэг учраас дэлхийн кино урлагийн чиг хандлагыг бий болгодог зохиогчийн болон ашгийн бус маш олон кино нийт үзэгчдийн хүртээл бололгүй өнгөрч байдаг. Кинонуудыг үзээд: бид олон кино үйлдвэрлэгчтэй маш өндөртөвшинд өрсөлдөж чадах юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Европын киноны ертөнцийн цөмд нь орж, түүнийг дотроос ньхараад миний хийсэн гол дүгнэлт гэвэл энэ. Тэгээд бид бусадкино үйлдвэрлэгчдээс дутахгүй юм байна, жилдээ нэг кино хийгээд байж чадах юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээр би “БурятКино” студийг байгуулсан юм. Бид хамт олноороо энэ ажилдаа зургаан жил зүтгэж маш их ажил хийсний дүнд санасандаа хүрсэн. Одоо бид тогтмол үйлдвэрлэл явуулдаг боллоо. Цаашдаа манай “галт тэрэг” саадгүй явах байх гэж бодож байна” гэжээ.
 
2013 онд Буриад, Эрхүү муж, Өвөр Байгалийн тойрогт “Отгонхүү. Анхны хайр” бүрэн хэмжээний уран сайхны кино (уянгын инээдмийн кино, 83 мин.) өргөн олон үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

«Баир Дышеновын анхны бүрэн хэмжээний кино богино хэмжээний бүтээлүүдээс нь чанарын хувьд дутмаг болсныг хүлээх хэрэгтэй. Найруулагч кино наадмын биш зарлагаа нөхөх кино хийжээ. “Отгон хүү” кино нь “шилжилтийн үеийн” киноны жишээ юм. Найруулагч өөрийх нь дасаагүй цар хэмжээ, драмын шинэ орон зайг эзэмших оролдлого хийжээ. Дышеновын урьд өмнө хийж байсан кинонууд нь хийцийн хувьд илүү дутуу юмгүй, товч тодорхой өгүүлэмжтэй байлаа. Кадрт нэг юм уу, хоёр баатар, бага зэргийн жижиг хэрэглэл гарна. Харин “Отгон хүү” бол олон баатар үймж бужигнасан, мэргэжлийн жүжигчид болон содон дүр төрхтэй мэргэжлийн бус хүмүүс оролцсон бүтээл юм. Киног амьдралд ойр сэдэв болон үйл явдалд тулгуурлан бүтээжээ. Учир нь хоёр өөр үндэстний хүмүүс гэрлэх нь Дорнод Сибирьт тийм ч ховор үзэгдэл биш. Найруулагч аж байдлын нэгэн үйл явдлыг инээдмийн мелодрам болгож, зөрчлийн ээдрээг маш амархан тайлж, төгсгөлийн үсэг гарахын өмнөхөн бүгд эвлэрэн найрамдаж байгаагаар киногоо дуусгажээ.

“Отгон хүү” киног Буриадад хийсэн анхны үндэсний кино бүтээл гэж нэрлэж болох талтай. Эсвэл арай тодруулж хэлэх юм бол орон нутгийн киноноос угсаатны кинонд шилжиснийг нотолсон бүтээл юм. Кинонд буриад угсаатны өөрийн ухамсар, үнэт зүйл, modus vivendi болоод тухайн угсаатны зан байдлын хэв шинж тусгалаа олжээ. Энэ уламжлалын эхийг “Урга” студийн бүтээл, туульсын баатруудын тухай өгүүлсэн “Чингис хааны тэргүүн хэвтүүл” ( 2006 ) кино тавьсан ч байж болох юм. Төсөв мөнгөнд хавчигдсан нь харагддаг ч гэсэн уран бүтээлчдийн туурвих хүсэл эрмэлзэл хазаарлагдаагүй нь илт байдаг. Кино нь хууль журмын элдэв чирэгдлээс болоод үзвэрт гараагүй юм».

«БурятКино» студийн хэтийн төлөвлөгөө, төслүүд:

2013 онд студи нь одоогоор “Тал нутгийн элдэв явдал”гэсэн ажлын нэртэй байгаа бүрэн хэмжээний уран сайхны кино дэлгэцэнд гаргахаар бэлдэж байна. Зургийг нь өнгөрсөн зун авч гүйцсэн.

Буриадын найруулагч мөн зохиогчийн өвөрмөц сэтгэлгээний кинобүтээхээр төлөвлөж байна. Тэр нь амь эрсдсэн дайчны хүлэг морь эх нутгаа зорин гүйж байгаа тухай домог юм. Мөн “Шорнохой” нэртэй том хэмжээний төсөл төлөвлөөд байна. Энэ нь нэгэн овгийн голомт бөхөж байгаа тухай, гай гавъяа хоёроо үр удамдаа хамт үлдээсэн өвөг дээдсийн өвийн тухай өгүүлсэн түүх юм.

Бусадстудиудэд: 

Буриадын продюсерууд бүс нутгийн кино хийх сонирхолтой байна. Тэр нь нийслэлийн кинонуудын үлгэр загвараар тухайн орон нутгийн шинж байдлыг оруулж хийсэн хялбар хийцийн кинонууд юм. Кино зураг авалтын талбайд Авхаалжит сэргэлэнчүүдийн клубийхэн орж ирээд байна. Тэд “Байгаль нуур луу” (2011) инээдмийн кино хийлээ. Жилийн дараа үргэлжлэл нь болох “Байгаль нуур луу – 2. Хөлөг онгоц эзлээд!” кино гарав. Адал явдлын төрөл зүйлийг ч эзэмшиж эхэллээ. Евгений Замалиев “Зохицуулагч” (“Решала”) (2012) гэдэг нэртэй гэмт хэрэг мөрдөж байгаа тухай драм тавилаа. Жүжигчид нь оросоор ярьдаг. Кадрт ази царайтай хүмүүс гарах боловч славян төрхтэй баатрууд давамгайлна. Киног бүтээгчид холбооны улсын хэмжээний амжилт олно гэж найдаж байгаа боловч одоохондоо тэр нь биелээгүй байна.

Улаан-Үдэд хийсэн орос хэлтэй кинонуудыг зөвхөн зэргэлдээ Эрхүүд л сонирхож үздэг. Тодорхой хугацаанд орон нутгийн, угсаатны гэсэн хоёр төрлийн кино нэг орон зайд зэрэгцэн оршиж тухайн нутгийн үзэгчийн төлөө тэмцэлдэх бололтой.

«Буриадын үндэсний кино урлагийн хөгжлийг сааруулж, саадтотгор болсоор байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Нэг хүчин зүйл нь орон нутгийн засаг захиргааныхан уг асуудалд хөндий хойрог ханддаг явдал юм. Тус бүгд найрамдах улсад улсын студи байхгүй, буриадын зохиочдын сонгодог бүтээл болон уламжлалт соёлын “биет бус үнэт зүйл”-ийг өргөн олон түмэнд түгээх хөтөлбөр байхгүй. Мөн уран бүтээлийн болон техникийн үндэсний боловсон хүчин болох мэргэжлийн зураглаач, гэрэлтүүлэгч, киноны зураачид дутмаг байна. Оросын бусад хотуудтай хамтарч кино бүтээдэг явдал нь материалыг дундаж хэмжээнд аваачиж, өвөрмөц байдлыг нь алдагдуулж, ахуй байдлын дүр зураг, үйл явдлын уялдаа, жүжигчний тоглолтын донж маягт угсаатны шинж чанарыг бүдэгрүүлэхэд хүргэж байна”.

“Учир нь Сибирийн үндэстнүүдийн хэл аялгаар гарч байгаа бөгөөд ОХУ-ын кино үзвэрт зориулагдаагүй Оросын Азийн үндэстнүүдийн угсаатны кино нь “европын дэвсгэр” дээр сондгойроод байдаг”.

«Сибирийн уугуул үндэстнүүдийн киног их оросын биш азийн соёлынталбарт хамааруулж үзэх ёстой юм. Европ руу хандсан оросын нийслэл хотуудын сэхээтнүүд “дорнын зах хязгаарын” уран бүтээлийн амьдралыг огт тоодоггүй. Москвагийн шүүмжлэгч, сурвалжлагчид оросын Азийн киноны тухай зугаатай үзэгдэл, орон нутгийн этгээд хачин зүйл байгаа мэтээр бичээд сурчихсан. Тэгэхдээ угсаатны урлаг, хөдөөгийн “гар хийцийн” бүдүүн тоймын урлал хоёрыг хооронд ялгадаггүй. “Оросын олон үндэстний кино” –ны үзэл баримтлал, урлагийг хавтгайруулан нүүр царайгүй болгох үзэлтэнд харшилдаг нь мэдээж.

Үндэсний дэлгэцийн бүтээл туурвиж хөгжүүлэхэд хүн ам зүйнхүчин зүйлүүд буюу тухайн үндэсний хүн ам цөөн, засаг захиргааны хэд хэдэн нэгжид тархан суурьшсан байдал гол саад тотгор болж байна.

Нэг орон зайд – орон нутгийн, угсаатны гэсэн хоёр өөртөрлийн кино оршиж байна. Эхний төрөлд нь Москвагийн юм уу, Голливудын киног тухайн орон нутгийн шинж байдлыг оруулж дууриалгасан “хөдөөгийн бүдүүлэг хийцтэй урлал” юм. Тийм кино хийж байгаа хүмүүс битүүхэндээ ОХУ-ын хэмжээнд амжилт олно гэж горьдож суудаг.

Угсаатны киноны найруулагчид өмнөө өөр зорилго тавьж,тодорхой нэгэн ард түмний үнэт зүйлсийг товойлгон харуулж, дэлгэцэн дээр аж байдал, сэтгэхүйн онцлогийг нь тусган үзүүлэхийг эрмэлздэг. Ийм кино нь - эрхгүй – угсаатны өөрийн ухамсрын өрнөл, өөрийгөө танин мэдэх гэсэн эрэлхийлэл, өвөрмөц байдлыхаа хил хязгаарыг тодорхойлох гэсэн эрмэлзлийг тусгадаг юм” гэж судлаач Сергей Анашкин бичжээ.

Тэгэхээр буриадын амьдралаас сэдэвлэсэн бөгөөд гол нь эххэлээрээ дуу оруулсан бүрэн хэмжээний кинонууд одоохондоо ховор байна. Гэхдээ үүний зэрэгцээ кино нь буриадуудын хувьд угсаатны өвөрмөц байдлаа батлах чухал хүчин зүйл болно гэдгийг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм.

Баир Дышенов ингэж хэлжээ: «Бид манай ардтүмний үндсийн үндэс болсон буриадын соёлыг дэлхийн түвшинд түгээн сурталчилж байна. Кино бол дэлхийн аль ч өнцөг буланд манай соёлыг хүргэх шилдэг арга хэрэгсэл юм. Бидэнд Буриад орны хил хязгаараас алс хол орших газар нутгийханд ойлгогдох ард түмнийхээ үнэт зүйлс, ёс уламжлалыг хүргэхүйц чанартай бүтээгдэхүүн туурвих чадал байна. Гэхдээ дан ганц өөрийн хүчинд тулгуурлан кино бүтээхэд амаргүй байгаа бөгөөд энд, мэдээжээр, улсын болоод ивээн тэтгэгчдийн дэмжлэг зайлшгүй шаардалагтай байна».

Улмаар Баир Дышенов: «Бид европ, азийн соёлын зааг дээр, нэг талаас өөрийн үндэсний соёл, зан байдал, ертөнцийг үзэх үзэл шашин шүтлэг дээрээ тулгуурлан, нөгөө талаас зөвлөлтийн кино урлагийн туршлагыг түшиглэн өөрийн киног уран сайхны илүү өндөр түвшинд гаргахыг оролдож байна” гээд ингэх боломж байна гэдэг нь янз бүрийн кино наадамд оролцсон үр дүнгээс тодорхой харагдаж байна гэжээ. Улмаар тэрээр:”Кино бол европын зах зээлд орж болох арга хэрэгсэл юм. Буриадад энэ тухай хэн ч бодоогүй байхад би кино урлагт хүчээ сорьж эхэлсэн хүн. Би театрын боловсролтой, тийм учраас маш олон зүйлийг санаандаа урвуулж, шинээр тунгаан бодох хэрэгтэй болсон юм. Би зорьсондоо хүрэх гэж урт замыг туулж явна. Надад буриадын үндэсний кино урлагт хүчин зүтгэх нь нэн чухал байна. Миний хувьд үндэсний соёл, түүнийг хадгалж сурталчлах явдал маш чухал юм» гэж хэлжээ.
 
Төгсгөлд нь сүүлийн хэдэн сар үзэгч олныг шуугиулж байгаа, Солбон Лыгденовын бүтээсэн «Булаг» киноны талаар хэдэн үг хэлье. Энэ бүтээл нь Якутын олон улсын анхдугаар их наадмын тэргүүн шагналыг хүртсэн юм. Мөн “Булаг” киног Москвад зохиогдсон чөлөөт киноны 2morrow наадмын үеэр үзүүлсэн. "Булаг"нь “экшн” төрөл зүйлээр хийсэн буриадын анхны кино юм. Энэ бүтээл нь: "Эх булаг нь ширгэсэн газар амьдрал байхгүй... Өвөг дээдсээ мартсан хүний хувьд хэт ирээдүй үгүй” гэсэн гол санааг илэрхийлжээ. Кинонд, гол баатар нь - тэр нь дунд эргэм насны, хатуу ундаанд ихээхэн автсан хөдөөний сэхээтэн хүн - хаш чулуу хууль бусаар олборлодог хүмүүст уруу татагдаж байгаа тухай өгүүлдэг юм.

Тус киноны найруулагч Солбон Лыгденов нь Буриадын нэртэй графикч бөгөөд Москвад төсөв мөнгө ихтэй томоохон уран сайхны, олон ангит кино бүтээхэд найруулагчийн хэсэгт нь оролцон ажиллаж уран бүтээлийн багагүй туршлага хуримтлуулсан хүн юм. Лыгденов Улаан-Үд дэх хувийн студидээ хоёр томоохон төсөл хэрэгжүүлж эхлээд нэгийг нь дуусгасан нь Москвагийн жүжигчдийн оролцоотой бүтээсэн нийгмийн драм- “Булаг” кино юм.
Автор: Жанна Дымчикова